- Сайн байна уу? Монгол улсын гоо сайхан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт 1990 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа танай хамт олонд юуны өмнө талархал илэрхийлье. Гоо сайхны компанийн хувьд ямар онцлогтой үйл ажиллагааг хэрэгжүүлдэг вэ?
CEO: Та бүхэнд Монос Косметик компанийн нийт хамт олны өмнөөс мэндчилье. Бид Монгол улсын гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй тууштайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Бидний гол зорилго бол зөвхөн гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх бус хэрэглэгчдийн амьдралын чанарыг сайжруулж өдөр бүрт нь итгэл, урам зориг нэмэх явдал юм. Өөрөөр хэлбэл бидний үйл ажиллагаа байгалийн гаралтай, үр дүнтэй, аюулгүй орц найрлага бүхий инновацид суурилсан бүтээгдэхүүнээр дамжуулан хүний жинхэнэ гоо сайхныг тодотгоход оршдог. Гоо сайхан гэдэг зөвхөн гадна төрх бус, өөртөө итгэх итгэл, эрүүл байдал, дотоод гэрэл билээ.
- Гоо сайхны салбарт үргэлж түүчээлж тэргүүлэх байр суурьтай байдаг танай компанийн баримталдаг зарчим юу вэ?
CEO: Бид чанар, хариуцлага, нээлттэй харилцаанд үндэслэн ажилладаг. Мөн R&D, технологи, гадаад хамтын ажиллагаанд суурилан байгальд ээлтэй шийдэл бүхий бүтээгдэхүүнүүдээрээ бид илүү ихийг бүтээхээр зорин ажиллаж байна. Манай компанийн нэг гол онцлог бол уламжлалт орц найрлагыг орчин үеийн дэвшилтэт технологитой хослуулан инновацид суурилсан бүтээгдэхүүнийг олон улсын стандарт, гоо сайхны бүтээгдэхүүний чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлэн гаргадаг явдал юм.
- Монос Косметик компани Монголдоо анхдагч GMP стандартын үйлдвэрлэлийг нэвтрүүлсэн. Одоо нийт хэдэн брэндийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн хэрэглэгчиддээ хүргэж байна?
CEO: Бид 2021 онд Монголдоо хамгийн анхны орчин үеийн дэвшилтэт технологи бүхий GMP стандартын гоо сайхны жишиг үйлдвэрийг ашиглалтанд оруулж ISO 22716:2007 стандартыг олон улсын Intertek байгууллагаар жил бүр баталгаажуулан ажиллаж байна. Энэ нь бид олон улсын хэмжээнд эн тэнцүү өрсөлдөхүйц болж чадсаны баталгаа юм. Одоогийн байдлаар гоо сайхны 150 орчим нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж, Монгол орны өнцөг булан бүрт буй хэрэглэгч нартаа хүргэн ажиллаж байна. Мөн 20 орчим патентийг эзэмшиж байна.
- Монос Косметик компанийн бүтээгдэхүүн экспортод гарсан гэж дуулсан, энэ талаар та дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу. Мөн цаашдын алсын хараа хэрэгжүүлэхээр төлөвлөж буй зүйлүүд юу байгаа вэ?
CEO: Бид 2024 оноос эхлэн 70 орчим нэр төрлийн бүтээгдэхүүнийг Киргизстан улс руу экспортолж байна. Тухайлбал Бүгд Найрамдах Киргиз улсын томоохон эмийн сан болох Лекарьтай гэрээ байгуулж 2024 оны 4 сараас гоо сайхны бүтээгдэхүүнээ албан ёсны эрхтэйгээр худалдан борлуулж экспортоо эхлүүлсэн. Цаашлаад төв азийн зах зээлд байр сууриа бэхжүүлэхээр идэвхийлэн ажиллаж байна.
Манай компанийн алсын хараа бол Дэлхийд танигдсан Монгол брэндийг бий болгох, Монгол оюун сэтгэлгээг дэлхийд таниулах явдал юм. Иймд зөвхөн өөрсдийн үйлдвэрлэн гаргадаг брэнд бүтээгдэхүүнээс гадна бид өөрийн гэсэн гоо сайхны бүтээгдэхүүний брэндтэй болох хүсэл сонирхолтой бизнес эрхлэгч нартай хамтран ажиллаж бүтээгдэхүүн хөгжүүлэлт болон үйлдвэрлэлийн хэсэг дээр хамтран ажиллаж Монгол брэндүүдийг бойжуулж бий болгоход өөрсдийн хувь нэмрээ оруулах нь бидний цаашдын томоохон зорилго юм.
Та бүхний итгэл бидний хамгийн үнэтэй урам билээ. –
Хүндэтгэсэн: Монос Косметик ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Дагвабаасансүрэн









